Нефтийн хайгуул, судалгааны түүх
XYII-XIX зууны үед Н.М.Пржевальский,
В.А Обручев, М.В.Певцов, Г.Н.Потанин зэрэг оросын нэрт жуулчдын төв
азийн зарим нутгаар хийсэн газар зүйн шинжилгээний материалд монгол орны
геологийн тогтцын талаар тэмдэглэсэн байдаг. 1922-1923 онуудад манай
орны говийн бүс нутагт геологийн судалгаа явуулж мезозой ба гуравдагчийн
хурдасны ангилал хийж, анх нефтийн гарал үүсэлтэй холбоо бүхий шатдаг
занарын илрэл олж тогтоосон америкийн геологич Чарльз П.Берки, Фредрик
К.Моррис, 1931 онд монгол оронд газрын тос байж болох таамаглал
дэвшүүлсэн Д.Теннер, 1940 онд Дорноговийн сав газарт нефтийн илрэл олсон
Ж.Дүгэрсүрэн, Ю.С. Желубовский нарын судалгаа, шинжилгээний ажлаар
монгол орны нефтийн судлагааны түүх эхэлсэн билээ.
1940 оны 12 дугаар сард Оросын геологич С.Ю.Желубовскийн баг
Дорноговийн Зүүнбаянгийн хотгорт газрын тосны хайгуулын анхны цооног
өрөмдөж, уг цооногоос 1941 онд хоногт 1 тн хүртэл ундаргатай шингэн
нефть илрүүлжээ. Энэ ажилд Монголын геологич Ж. Дүгэрсүрэн оролцож
байсан.
1942 онд Зөвлөлтийн геологич Н.А.Маринов, Ю. С. Желубовский нар
Дорнод аймгийн Даллагатын Хар-Овоо, Хар нуур зэрэг газраас нефтийн лаав
олж тогтоожээ.
1947 оны сүүлчээр "Монголнефть” хэмээх тусгай трест
байгуулагдсан нь нефтийн хайгуул судалгааны ажлыг эрс нэмэгдүүлэв.
"Монголнефть” трест Зүүнбаянгийн ордын нефтийн нөөцийн тооцоо хийж
батлуулан, ашиглалтыг 1950 оноос эхэлсэн төдийгүй, манай орны зүүн ба
төвийн зарим нутгаар 1947-1957 оны хооронд нефтийн эрэл үнэлгээний
нэлээд хэмжээний ажил явуулсан. Эдгээр ажлын үр дүнд Нялга, Дорноговь,
Чойболсан, Өмнөговь, Тамсагийн сав газруудад 100 гаруй эерэг бүтэц
илрүүлэн сав газруудад тосжилтын үнэлгээ өгсөн. Эдгээрээс 24 бүтцийг
хайгуулын цооног өрөмдөх зорилгоор судалж, 20 бүтэц (Дорноговьд 13,
Нялгад 3, Чойбалсанд 2, Тамсагт 2)-д эрлийн цооног өрөмдсөн байна.
1940-1963 онуудад ЗХУ-ын геологийн байгууллагуудын
мэргэжилтнүүд монгол орны нутаг дэвсгэрт нефтийн геологийн судалгаа,
эрэл, хайгуулын ажлыг явуулж, Дорноговь, Тамсаг, Чойбалсан, Нялга,
Өмнөговь, Их нууруудын тунамал хурдастай сав газруудыг тогтоож, нефтийн
эрэл, хайгуул, олборлолтын нийт 800 гаруй цооног өрөмджээ. Дээрх
хугацаанд Зөвлөлтийн геологичдын хийсэн нефтийн эрэл, хайгуулын ажлын үр
дүнд Дорноговь аймгийн нутагт Зүүнбаян, Цагаан элсний нефтийн хоёр
жижиг орд нээж, Дорноговь, Тамсаг, Чойбалсан, Өмнөговийн тунамал
хурдастай сав газруудад 80 гаруй нефтийн хуримтлал байж болох гүний
бүтцийг илрүүлж, Зүүнбаян, Цагаан элсний ордын нефтийн нийлбэр нөөцийг
6,2 сая тонн гэж тооцоолж байжээ. Зүүнбаянгийн хотгорын "Барагшуун
толгой” дээр өрөмдсөн цооногт СКН-3 гүний шахуурга суурилуулан, 1949 оны
5 дугаар сарын 25-ны өдөр хоногт 900 тонн нефть гаргаж авчээ. Энэ нь
манай орны хувьд нефтийн анхны олборлолт, олборлолтын анхны дээж юм. Уг
цооногийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын маршал Хорлоогийн
Чойбалсан тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид оролцож байжээ. Ингээд 1950
оноос Зүүнбаянгийн нефтийн ордод ашиглалтын цооногуудыг олноор нь
өрөмдөж эхэлсэн байна. 1957 оны эцэст нийт олборлолтын цооногийн тоо
204-д хүрч байжээ. 1950-1969 онд Зүүнбаянгийн ордоос 577807,7 тонн,
Цагаан элсний ордоос туршилтын олборлолтоор 8421,3 тонн нефть
олборложээ. 1950-1969 онд Зүүнбаян, Цагаан элсний ордоос нийт 586229,0
тонн нефть олборлон, 1950 онд ашиглалтанд орсон Дорноговь аймгийн
Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэрт боловсруулжээ.
1953-1963 оны хооронд Цагаан элсний ордод хайгуул явуулж, нөөц
тогтоосон нь тухайн үедээ манай нутагт нефтийн чиглэлээр хийсэн сүүлчийн
томоохон ажил байсан.
1963 онд Цагаан элсний ордын хайгуулыг дуусгаснаас хойш нефтийн
хайгуул, судалгааны ажил хийж байсан ЗХУ-ын мэргэжлийн байгууллагууд
татан буугдаж, манай орны нефтийн хайгуул, судалгааны ажил 30 орчим жил
бүрмөсөн зогсчээ.
Нефтийн хайгуул, судалгааны ажил 30 орчим жил завсарлах чөлөөнд
манай эрдэмтэн, мэргэжилтнүүд зүгээр суусангүй. Монгол улсын нутаг
дэвсгэрт нефт-ийн судалгаа шинжилгээ явуулах талаар санал, санаачлага
гаргаж байлаа.
1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 31 дүгээр захирамжийн дагуу
Түлш, Эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд Ч.Хурцаар
ахлуулсан мэргэжилтний хэсэг Монголын нутаг дэвсгэрт нефтийн судал-гааг
гүнзгийрүүлэн хийх хөтөлбөр боловсруулж 1976-1980 онд БНСРУ-ын
тусламжтайгаар хэрэгжүүлэх санал тавьсан боловч эл санал дэмжигдээгүй.
1974 онд инженер Ц.Багмид, Н.Осоржин нар импортын нефтиэр
боловс-руулах завод байгуулах техник, эдийн засгийн үндэслэл хийх
урьдчилсан тооцоо гаргаж санал тавьсан боловч хөрөнгийн эх үүсвэргүй гэх
шалтгаанаар дэмжигдсэнгүй.
1979 онд Улсын төлөвлөгөөний комиссын прогнозын газарт
мэргэжилтнээр ажиллаж байсан нефтийн геологийн инженер
Ч.Сосорбурам(Ц.Багмид, Н.Осоржин нарын саналыг үндсэнд нь
дэмжиж)импортын ба дотоодын нефтиэр ажиллах завод (жилд хоёр саяас
доошгүй тонн нефть боловсруулах хүч чадалтай)байгуулах санал тавьжээ.
Ингээд 1979 онд Монголын талын хүсэлтээр Зөвлөлтийн мэргэжилтэн
В.Я.Широковын удирдсан шинжээчдийн хэсэг 1940-1963 онд Монгол улсын
нутаг дэвсгэрт хийсэн нефтийн судалгааны тайлан мэдээллийг үндэслэн
Монгол орны нефтийн нөөцөд дахин үнэлгээ өгчээ. Тэдгээр шинжээчид
нефтийн нөөцийг дахин нарийвчлан судалж, эдийн засгийн тооцоог ултай
хийсний дараа нефть боловсруулах үйлдвэрийн тухай шийдэх нь зүйтэй
гэжээ.
1982 онд мөн Монголын талын хүсэлтээр В.Я.Широковын удирдсан
Зөвлөлтийн хэсэг мэргэжилтэн 1940-1963 онд Монгол орны нутаг дэвсгэрт
явуулсан нефтийн хайгуул, судалгааны тухай бүх мэдээллийг нэгтгэн
боловсруулж, ”БНМАУ-ын нутаг дэвсгэрт нефть, хий байж болох сав
газруудын геологи-геофизикийн материалын нэгдсэн дүн шинжилгээ” гэсэн
тайлан бичсэн байна. Тэд Монгол оронд үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий
нефтийн том орд үүсэх геологийн нөхцөл хязгаарлагдмал байсан гэж үзээд
нефтийн эрэл, хайгуулын ажил хийх нь эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн
дүгнэлт гаргаж өгчээ.
Манай орны нефтийн нөөц баялгийн талаарх дээрх судлаачдын дүгнэлт
нь зөвхөн онолын маргааны хэмжээнд хийгдсэн, хайгуул, судалгааны
дорвитой ажил хийх шаардлагатай гэж үндэсний эрдэмтэд, мэргэжилтнүүд
үзэж, улмаар нефтийн хайгуул, судалгааны ажлыг сэргээх тухай саналыг
удаа дараа гаргаж байсан. Яам нь мэргэжилтнүүдийн саналыг дэмжиж,
засгийн газарт уламжилж байсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй.
Нефтийн хайгуул, судалгааны ажил дахин сэргэсэн нь
1980-аад оны сүүлчээр нийгмийн өөрчлөн байгуулалт, ардчилалын
салхи эхлэх үеэр барууны орны нефтийн эрдэмтэн судлаачид манай оронд
ирж, өмнө нь хийгдсэн нефтийн судалгааны материалтай танилцан, монгол
орны нутаг дэвсгэрт нефтийн судалгаа явуулах, нефтийн орд илрүүлэх
боломжтой гэж үзсэн байна.
1989 оны зургаадугаар сард Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр,
геологийн яамнаас томилогдсон Д.Санжаадорж, Д.Цэдэнбалжир нарын
бүрэл-дэхүүнтэй монголын хэсэг мэргэжилтэн "БНМАУ-ын нутаг дэвсгэрт
нефтийн геологийн судалгаа, эрлийн ажил хийх үндсэн чиглэл”-ийг
боловсруулж, 1940-1963 оны хооронд Монгол оронд хийгдсэн нефтийн
судалгааны тайлан мэдээллийг судлан тунамал хурдастай хотгоруудын
судлагдсан байдалд үнэлгээ өгч, "Нефтийн судалгаа, эрлийн ажлын
хөтөлбөр”-ийг гаргажээ.
Нефтийн судалгааны ажил явуулахыг бодлогоор дэмжиж Эрчим хүч, уул
уурхайн үйлдвэр, геологийн яамны сайдын 1989 оны 286 дугаар тушаалаар
тус яамны харъяа Эрэл, геофизикийн цогцолбор экспедицийн (ЭГЦЭ)
бүрэлдэхүүнд нефтийн судалгааны анги байгуулж, Монгол улс тухайн үеийн
санхүү, эдийн засгийн нөөц бололцоонд тохирсон бага хэмжээний нефтийн
судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж эхэлжээ.
Английн Бритиш Петролеум (БП) компани 1989 онд Монгол Улсын Засгийн
газрын урилгаар Монгол орны нефтийн төлөв байдлыг тодорхойлох
геологи-геохимийн судалгааны ажлыг гүйцэтгэх техник-үнэлгээний
хөтөлбөрийг боловсруулж, манай мэргэжилтэнүүдтэй хамтарч 1990 онд
Монголын нутаг дэвсгэрийн зүүн, төв, баруун, өмнөд хэсгийг хамарсан
459000 км2 талбайд геологийн хээрийн судалгаа явуулж, дээрх талбайн
геологийн түүхэн хөгжил, бүтэц, стратиграф, нефть агуулагч ба нефть
үүсгэгч эх чулуулгаас 850 ширхэг чулуун дээж авч, геохимийн иж бүрэн
шинжилгээ хийж, үр дүнгийн тайлан бичсэн байна. Уг судалгаа,
шинжилгээний үр дүнд Монголын нутаг дэвсгэрийн төв хэсгийг хамарсан сав
газарт нийт шим бодисын агуулга (ТОС) 13-69 %, хөрөвжилтийн түвшин 0.36 –
1.69, баруун хэсгийг хамарсан сав газарт нийт шим бодисын агуулга (ТОС)
16-83 %, хөрөвжилтийн түвшин 0,52-2.0, өмнөд хэсгийг хамарсан сав
газарт нийт шим бодисын агуулга (ТОС) 50-70 %, хөрөвжилтийн түвшин 0.5 –
0,8 болох нь тогтоогдсон.
Филлипс Петролеум компани, "Монгол газрын тос” нэгтгэлтэй
1991.09.06- нд "Зүүн Монголд техник-хамтын ажиллагаа явуулах тухай
гэрээ” байгуулж, Нялга, Дорноговь, Чойбалсан, Тамсаг зэрэг сав газрыг
хамарсан талбайд нефтийн агуулагч ба үүсгэгч чулуулгийг болон нүүрс
устөрөгчийн агуулгыг тодорхойлох, Монгол оронд өмнө нь хийгдсэн хүндийн
хүчний болон соронзон судалгааны ажлын үр дүнг нэгтгэн боловсруулж
үнэлгээ өгөх зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ. Судалгаанд хамрагдсан Нялга,
Дорноговь, Тамсаг, Чойбалсан зэрэг сав газруудаас геологи-геохимийн 1024
ширхэг гадаргуугийн дээж авч, нефтийн үүсгэгч болон агуулагч чулуулгийн
шинж чанар, шим бодисын агуулгыг тодорхойлон дээрх сав газрууд нь
нефтийн хэтийн төлөвтэй болохыг тогтоосон.
Бритиш Петролеум компани, Филлипс Петролеум компанийн хийсэн
судалгааны ажлын үр дүн, АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын "Эксплорейшн
Ассошейтес Интернейшнл” компанийн геологич Уильям Пентиллагийн нэгтгэн
боловсруулсан "Монголын газрын тосны хэтийн төлөв” тайлангийн
материалууд нь Монгол орны газрын тосны төлөв байдлын талаар дэлхий
нийтэд таниулах чухал сурталчилгаа болж, гадаадын компаниудын зүгээс
Монголын газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд хөрөнгө оруулах
сонирхлыг бий болгох, Монголын газрын тосны хайгуулын талбайн багц
материал бэлтгэх, хайгуулын талбай шинээр ялгах, Бүтээгдэхүүн хуваах
гэрээ (БХГ) байгуулах, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахад
ихээхэн тус нэмэр болсон юм.
1990 онд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын "Эксплорейшн Ассошейтес
Интернейшнл” компанийн геологич Уильям Пентилла, манай
мэргэжил-тэнүүдтэй хамтран монгол орны нутаг дэвсгэрт 1989 оноос өмнө
хийгдсэн нефтийн судалгааны 400 гаруй тайлан, материалуудыг нэгтгэн
боловсруулж "Монголын газрын тосны хэтийн төлөв” тайланг бичжээ.
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||