Алт хэдий сайхан ч Алтай бүр илүү гоё
Улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх хайх, ашиглах тухай асуудлын хүрээнд Говийн их дархан цаазат газар, бага дархан цаазат газруудын зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтаас гаргах тухай асуудлаар санал авах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг албан тоот үйлдэн, Говь-Алтай аймгийн Засаг даргад илгээсэн нь олон нийтийн дунд шуугиан тариад байгаа билээ. Уг албан бичигт дурдсанаар, хавсралтад заагдсан зарим газрыг тусгай хамгаалалтаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн Газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна гэжээ.
Монголчууд эрт дээр үеэс байгалийн үзэсгэлэнт газар, ховор амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн өнө эртний хосгүй уламжлалтай билээ. Энэ асуудлыг төрийн бодлогодоо тусгаж өндөр ач холбогдол өгдөг байсны илрэл нь Чингис хааны "Их засаг” хууль, Ойрадын цааз болон 16-р зууны үеийн хууль цаазат бичиг "Халх журам” зэрэг Монгол улсын хууль тогтоомжуудад нарийн тусгасан явдал юм. Тэр ч бүү хэл, Оросын эрдэмтэн И.Д.Лаптаев: ”Монголчууд байгальтай харьцах талаар Европчуудаас олон зуун жилээр түрүүлсэн байлаа…” хэмээн бичиж байжээ. Манай оронд 1950-иад оны үеэс газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах дэс дараатай арга хэмжээ авч эхэлсэн билээ. БНМАУ-ын СНЗ-өөс "БНМАУ-ын дархан газрын дүрэм”-ийг 1975 онд баталсан ба 1991 онд ЗГ-аас "Тусгай хамгаалалттай газрын дүрэм” , тусгай хамгаалалттай горим, дэглэмийг тодорхойлж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дөрвөн ангилалд оруулсан нь нэгдсэн сүлжээг бүрдүүлэх эхлэл болсон юм.
Нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан билээ. Алтайн өвөр говь нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж, унаган төрхөөрөө хадгалж үлдсэн говь цөлийн экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд дэлхийн ач холбогдол бүхий онцгой газарт тооцогддог.
Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт, аргаль, янгир зэрэг хөхтөн болоод жороо тоодог, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийн олон улсын ач холбогдлыг нь харгалзан 1991 онд ЮНЕСКО-ийн шийдвэрээр Олон улсын шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан юм. Говийн Их дархан цаазат газар нь "А, Б” гэсэн хоёр хэсгээс тогтох ба нийтдээ 5.3 сая га талбайг эзэлж талбайн хэмжээгээрээ дэлхийд 15-д ордог.
Говийн их дархан газар А,Б гэсэн хоёр хэсэгтэй ба, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр талбайтай нутаг багтана. Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр талбайтай нутаг хамрагддаг. Говийн их дархан газарт эрт галавын амьтан, ургамлын чулуужсан үлдэц багагүй тохиолддог ба Сэгс цагаан богдын баруун суга, Эдрэнгийн явар цонжоор гуравдагч галавын үеийн зүйл бүрийн амьтан, ургамлын чулуужсан үлдэц ястай. Түүх дурсгалын үлдэгдэл багагүй байдаг бөгөөд эртний баянбүрд, элс манхан, шал тойром, булаг ус зэрэг газруудаар хуучин чулуун зэвсгийн үеийн болон шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун зэвсэг олддог. Алтайн цаадах говийн экосистем хүн ам сийрэг суурьшдагаас аж ахуйн үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унаган төрхөө харьцангуй хадгалсан, удаан хугацааны хөгжлийн түүхэнд бий болсон унаган загвар нутаг билээ.
Тэгвэл, энэ л сайхан газар нутгийн зарим хэсэгт ашигт малтмалын эрэл хайгуул хийгдэхээр төлөвлөгдөж эхлээд байгаа аж. Уул уурхайн зориулалтаар ашиглагдаж байгаа газрууд алсдаа ямархуу болдгийн тод жишээ бол тоос шороо нь тэнгэрт тулж, улаанаараа эргэлдэн, бэлчээр газар нутаг нь талхлагдан, нил нүх цооног болсон Өмнийн говь болон бусад олон газруудыг дурдахад хилсдэхгүй гэхээр. Гэтэл, унаган сайхан төрхөөрөө байгаа Говийн дархан цаазат газруудын зарим хэсэг иймэрхүү болчих вий гэхээс үнэхээр харуусал төрөн, тэвчихгүй, энэхүү нийтлэл-мэдээллийг бичихэд хүрлээ. Эрх мэдэл бүхий эрхэм дээдэс маань энэ асуудалд нухацтай хандан, ирээдүй хойч үеэ бодолцох байлгүй дээ!
Д.Мигаа
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||