Ч.Ганхуяг: Оюу толгойн хоёр дахь гэрээнээс манай орны хөрөнгө оруулалт шийдэгдэнэ
-Дэлхий
нийтийн анхаарлын төвд болж өнгөрдөг Давосын эдийн засгийн чуулганд
оролцоод ирсэн сэтгэгдэл ямар байна вэ. Өнөө жил ямар асуудлуудыг
голчлон авч хэлэлцэв?
-Давосын эдийн засгийн чуулга уулзалт 1970-аад оны эхэнд профессор
Клаус Шваб гэдэг хүний санаачилгаар анх хөшгөө нээж байсан. Уг форум
нь ямарваа нэг талын ашиг сонирхолд үйлчлэхгүйгээр эдийн засгийн
томоохон шийдвэр гаргах түвшний улс гүрнүүдийн удирдлагууд хоорондоо
дэлхий нийтийн нийтлэг тодорхой сэдвүүдийн хүрээнд ярилцдаг. Монгол Улс
Давосын чуулганд 1990-ээд оны эхнээс албан ёсоор одоогийн тухайн үеийн
Хөрөнгийн биржид ажиллаж байсан өнөөгийн Монгол банкны Ерөнхийлөгч
Н.Золжаргал, Да.Ганболд Шадар сайд байх үеэс төрийн төлөөллөө
оролцуулж эхэлсэн юм билээ. Дунд нь хэсэг завсарласны дараа 2005 оноос
тасралтгүй орж байгаа. 2660 гаруй хүн оролцсон өнөө жилийн хуралд 40
гаруй улсын Ерөнхий сайд оролцсон нь онцлог байсан гэж болно. 2014 онд
өөрчлөгдөөд буй эдийн засаг, нийгэм, технологи бидний амьдралд хэрхэн
нөлөөлөх вэ гэсэн сэдвийн хүрээнд гол хэлэлцүүлгүүд өрнөлөө. Монгол
Улсын хувьд давхар ач холбогдолтой байсны нэг илрэл нь Давост өөрийн
гэсэн тодорхой байр суурьтай болжээ. Өмнө нь уг хуралд манай хувийн
хэвшил, төрийнхний оролцоо сайн байсны үр дүн юм. Өнөөдөр Давост
Монголыг хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ жилийн эдийн засгийн чуулга
уулзалтаар Монгол Улсын хөгжлийн загварыг авч хэлэлцсэн нь манай орны
хувьд маш онцлог болж чадсан. Дэлхий дээрх 200 гаруй улс байдаг. Тэгвэл
уг хурал 40 удаа зохион байгуулагдахад улс орны хөгжлийг ярилцаж эхлээд
тав дахь жилдээ болж байна. Тиймээс Монгол Улсын эрэмб өндөр байгааг
илтгэж байгаа юм. Эх орноороо бахархаж л явлаа. 2013 онд ОХУ-ын хөгжлийн
загварыг ярьж байсан бол дараа жил нь Монгол Улсын асуудлыг хэлэлцсэн
нь Монголын ирээдүйн чиг хандлага ямар нөлөө үзүүлж эхэлснийг илтгэх
гол үзүүлэлт боллоо. Олон улсын том байгууллага манай орны хөгжлийн
загварын чигийг тодорхойлохын тулд өнгөрөгч оны тавдугаар сараас эхэлж
зөвхөн Монголын ирээдүйн хөгжлийг судлах гэж тусгай баг гаргасан. Тэр
багийн гишүүд есдүгээр сар хүртэл манай оронд судалгаагаа явуулснаа
Давосын эдийн засгийн чуулганаар дэлхий нийтэд танилцууллаа.
-Монгол орны хөгжлийн загварыг хэрхэн тодорхойлов?
-Тэдний гаргаснаар гадаад зах зээлд Хятадын эдийн засгийн нөхцөл
байдалтай холбоотойгоор зөв бодлого гаргаж өөрсдийн бараа
бүтээгдэхүүнийг борлуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэсэн нь
манай орны хөгжлийн нэгдүгээр загвар юм. Бид өөрсдийн газрын баялгийг
зөв зохистой ашиглаж чадахгүй, экспортод гаргаж чадахгүй бол түүхий
эдээс гадна өөр бараа бүтээгдэхүүн экспортод гаргах боломжтой гэсэн
хөгжлийн өөр нэг загварыг хэлж байсан. Гуравдугаарт одоо байгаа баялгаа
ашиглаж, зарж чадахгүй эргэлтэд оруулахгүй бусад бараа бүтээгдэхүүнийг
зарах боломж үүсгээгүй гэсэн гурван хөгжлийн загварыг гаргасан байсан.
Эдгээр нь 2040 он хүртэл ингэж өснө, эсвэл өсөлтгүй, дордоно гэсэн
зүйлийг хэлж байлаа.
-Бусад орны төлөөллүүд Монгол Улсыг аль өнцгөөс, ямар нүдээр харж байна вэ?
-Бусад орнуудын хувьд Монгол Улсыг сонирхох сонирхол нь өөрчлөгдөөд
байна. Хэдэн жилийн өмнө өндөр өсөлттэй эдийн засагт хурдан мөнгө буюу
"hot money" оруулснаар 2010, 2011 онуудад эдийн засаг хурдацтай өссөн.
Тэгвэл өнөөдөр энэ хурд байхгүй болсон. Олон улсын валютын сангаас манай
орны эдийн засгийг жилд 14-15 хувиар өснө гэж байсан бол одоо нэг
оронтой тоо тэр дундаа нэлээд доогуур нэг оронтой тоонд өснө гэсэн
таамаг дэвшүүлж байна. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг болохоор
зөв сонголт, зөв бодлого шийдвэрүүдээ гаргаад ажиллах нь үр дүнд
хүргэнэ. Засгийн газрын шийдвэрээр Монголын эдийн засгийн форум
гуравдугаар сарын 23-24-нд болохоор болсон. Уг форум дээрээ тойрч
суугаад, толгойгоо нийлүүлж байгаад хөгжлийнхөө асуудлуудыг чухалчлан
ярих ёстой. Бид цаг алдаж болохгүй. Гацаанд орсон, шийдэгдэхгүй байгаа
томоохон асуудлуудыг шийдэх нь бидний хэтийн ирээдүйд өндөр ач
холбогдолтой.
-Давост байхдаа бусад эдийн засагчдын хэлсэн үгнээс эдийн
засагч хүний хувьд та анзаарч байсан байх. Манай орны эдийн засагт энэ
онд ямар өөрчлөлт гарах бол??
-Ниргэсэн хойно нь хашхирна гэгчээр бид өөрсдөө нэлээдгүй буруу
алхмуудыг хийсэн. Би Ерөнхий сайдын зөвлөх, дэд сайдаар ажиллаж байхдаа
нэг зүйлийг хийж чадаагүй. Тэр нь эрсдлийн удирдлагын системийг төр
засагт төлөвшүүлэх ажлыг би ярьж л чадсан. Үүн дээр төрийн түшээдийн
анхаарлыг татаад, тодорхой үр дүнтэй үйлдлүүдийг би хийлгэж чадаагүй.
Эдийн засаг гэдэг тодорхой үйлчлэлээр дээшээ явдаг цаг байхад эргэн
доошлох үе бий. Дээшээ явж байхад нь баялгаа зөв зохистой хуримтлуулах
оролдлогууд хийгдсэн боловч хангалттай хэмжээний буюу үндэстний
хэмжээний хуримтлалыг бий болгож чадаагүй. Эрсдлийн удирдлагын
тогтолцоог бий болгож, дүн шинжилгээ хийгээд байдал цаашаа эргэвэл ямар
арга хэмжээ авах вэ гэсэн төрийн аппарат байхгүй байна. Энэ бол
зайлшгүй байх ёстой. Эрсдлийн удирдлага гэдэг нь Давосын эдийн засгийн
чуулганы нэг том сэдэв байдаг. Амьдрал өрнөж байгаа л бол ямагт эрсдэл
дагадаг. Шүлхий өвчин гарсан нь хүртэл эрсдэл шүү дээ. Энэ өвчнөөс
болоод урд, хойд хөрш хилээ хаавал бид яах вэ гэдэгт бид бэлэн байх
ёстой. Иргэд, аж ахуй нэгж, төрийн алба нь бэлэн байх ёстой. Мөн сэтгэл
зүй, санхүүгийн хувьд үүн дээр бэлэн байх шаардлагатай. Хятадын эдийн
засаг удааширбал бид яах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Гарцаа
тодорхойлж бодлоготой байх зарчим дутагдаад байна. Бидний оролдлогууд
бүгд бүтэлгүйтээгүй. Төсвийн тогтвортой байдлын дагуу тогтворжилтын санг
байгуулсан. Популист амлалтуудад уг мөнгө тараагдсан. Үүнд анхаарах
хэрэгтэй. Сонгууль угтаад иргэдийн зүгээс бухимдсан нэг асуудал нь
Хятадын компани Саус Гоби Сэндс компанийг авах нь гэдэг дээр популистууд
хууль гаргасан. Уг хууль манай хөгжлийг гацаасан. Стратегийн салбарт
хөрөнгө оруулалт хийх тухай гадны хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль
байгаа. Түүний улмаас "Монгол Улс бүтэхгүй юм байна. Тоглоомынхоо
дүрмийг үзэмжээрээ өөрчилдөг" гэдэг ойлголттой болсон. Нэг компанийн
наймааг зогсоохын тулд бүхэл бүтэн салбарынхаа хуулийн тогтолцоог
өөрчилж байгаа нь латин Америкийн диктатураас ялгагдах юм алга. Баялгийн
үндсэрхэг үзэл хэт газар авсан гэдэг болгоомжлолыг гадныханд төрүүлсэн.
Түүнээс өмнө ч гэсэн бид хөрөнгө оруулагчдыг үргээх хангалттай ажлуудыг
хийсэн. Оюу толгойтой гэрээг үзэглэж, наймаа хийчихээд дараа нь
наймаагаа буцъя гээд хүүхдийн тоглоом шиг болгочихсон. Наймаа бол наймаа
л байдаг. Гэрээ бол гэрээ байх ёстой. Хууль болж байна, болохгүй байна
гээд мөрддөггүйтэй адилхан гэрээ хууль эрх зүйн бичиг баримт. Бидэнд
гэрээгээ зөрчих эрх байхгүй. Монголчууд ёс зүйгүй гэдгээ дэлхийд
харуулснаас болж хөрөнгө оруулагчид үргэсэн. Өмнө нь урт нэртэй хууль
гэх мэт хууль гаргаад эх орондоо хайртай хүмүүс гэнэт гарч ирээд хэн нь
илүү хайртайгаа батлах гэж уралдаад шууд хэлэхэд тэнэг хуулиуд гаргаж
ирээд баталчихсан. Эцсийн дүндээ улсдаа, ард түмэндээ, хүүхдүүддээ ямар
харалган хүмүүс вэ гэдгээ харуулсан. Зөвхөн эрх мэдлийг баталгаажуулах,
дахин сонгогдохын тулд хүчиндэж ийм хууль гаргуулсны дүнд тэр хүмүүс
УИХ-д сонгогдсон. Харин ард түмэн юу ч хожоогүй.
-Намрын чуулганаар хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын тухай
хуулийг баталсан. Давосын чуулганд оролцогчид манай оронд хөрөнгө
оруулах сонирхол хэр байна?
-Баялгийн сонирхол өндөр байсан цаг үе өнгөрчихлөө. Бидэнд алтан
боломж байсан. Тэр боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Биднийг
нарийн, өргөн царигтай төмөр зам гээд мунгинаж байхад манай орны
нүүрсний экспортын байр суурийг өөр орнууд эзэлчихсэн. 2011 онд манай
улс Хятад руу нүүрсээ экспортлох хэмжээгээрээ түүхэндээ анх удаа
нэгдүгээрт орсон. Австрали, АНУ, Индонез, Мозамбек улсыг ардаа орхин
бизнесийн олимпоос алтан медаль хүртэж байсан. Бид өнөөдөр зургадугаарт
байна.
"Америк, Канадууд тэнэг хүмүүс. Яагаад гэхээр нүүрсээ тэд түүхийгээр нь
Хятад руу зөөдөг. Бид ухаантай болохоор нүүрсээ гаргахгүй" гэдэг логик
нийгэмд газар авчихлаа. Шунал ихэдвэл шулам болно гэдэг шиг "Алтан
загас"-ны авгай өвгөнөө ийм юм гуйгаад ир гэж явуулсаар байгаад өөрөө
хагархай түмпэнгээ тэвэрч үлддэг шиг тийм л байдалд орчихлоо. Бид
социалист улс, мал аж ахуй дээр суурилсан улс гээд явж ирсэн. Бид
хөгжлийн загвараа гаргаж ирж чадахгүй байна. Гэхдээ манайхан
өөрсдийгөө яаж харах нь чухал биш. Дэлхий ертөнц яаж харж байна вэ
гэдэг нь чухал. Шинэ Зеландын хоньтой, Австралийн ноостой, Туркийн
савхитай өрсөлдөж чадна гэж биднийг харахгүй байгаа юм. Биднийг уул
уурхайн улс л гэж харж байна. Монгол Улс гурван сая хүн амтай, баруун
Европын хэмжээний газар нутагтай уул уурхайн улс. Үүнд бид ичээд байх
зүйл байхгүй. Америкчууд, оросууд, казахууд ичихгүй байхад яагаад бид
ичих ёстой юм. Уул уурхай буруу гээд яагаад бидэнд ойлгуулчихсан юм бэ.
Эрдэнэтийн ажилчид яагаад уурхайчин гэдгээсээ ичих ёстой гэж. Биднийг
сүүлийн 20 гаруй жил тэжээсэн ганц уурхай шүү дээ. Малчид монголчуудыг
тэжээдэг гэдэг чинь шал худлаа. Тэд ямагт уурхайчдын мөнгөөр тэтгүүлж
ирсэн. Баялаг бүтээгч, тэтгүүлэгчид нь өөр. Сонгуульд санал өгч байгаа
нь бүр өөр. Тиймээс бид өнөөдрийн ийм байдалд хүрчихлээ. Бид
ашиглуулаад байна. Буруу яваад байна.
-Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлага чуулга уулзалтаас ажиглагдав уу?
-Хуралд цугласан хүмүүс инээж хөхрөөд сайхан л зүйл ярьдаг. Гэхдээ
бодит байдал юу вэ гэдгээ бодох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн
усны санаачилга, авлигатай тэмцэх санаачилга, Монголын хөгжлийн загвар
зэрэг бусад хурлуудад орж өөрийнхөө үгийг хэлж эх орноо сурталчлаад
ирчихэж байгаа юм. Бид ч гэсэн өөрсдийнхөө хүрээнд Монголоо
сурталчилсан. Ямартай ч бид хөрөнгө оруулалтын тухай хуулиа намрын
чуулганаар зоригтой өөрчиллөө. Урт нэртэй хууль, ашигт малтмалын тухай
хууль гэх мэт хуулиа өөрчилсөн. Өргөн баригдах гэж байсан уул уурхай,
газрын баялгийг ашиглахтай холбоотой хуулиа Ерөнхийлөгч татаад
авчихлаа. Ухаалаг төр гэдэг ойлголтыг гаргаж ирэн данхайсан төрөөс
татгалзсан. Энэ бол сайн дохио. Гадны хөрөнгө оруулагчид үүнийг сайнаар
хүлээж авч байсан. Гэхдээ нэг удаа молиго үмхсэн бизнес эрхлэгч дахин
хууртахыг хүсэхгүй. Одоо бодит өгөгдлүүдийг л хүлээж байгаа. Оюу толгойн
хоёрдугаар шатны гэрээг явуулах нь уу эсвэл дахин популистууд нь ялаад
гарах уу гэдгийг харж байгаа гэдгээ хэлж байна лээ. Тиймээс эрүүл
саруул сэтгэж байгаагаа баталж Оюу толгойн хоёрдугаар шатны гэрээг
эхлүүлэх тал дээр хийж байгаа хүмүүсээ дэмжээд ажиллах нь чухал. Энэ онд
Оюу толгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын ажил хийгдээд газар
доорх далд уурхайн ажлыг эхлүүлэх нь маш чухал. Энэ бол нэг хүн
сонгогдох, хэдэн хүн сайхан харагдах тухай асуудал огт биш. Монголын 20,
50, 100 жилийн цаадах ирээдүйг тодорхойлох том шийдвэр гэдгийг ухаарах
хэрэгтэй. Монгол Улс ухрах биш урагшлах ёстой. Норвегичууд нефтиэ
ухсаныхаа дүнд нэг хүнд ноогдох баялгаараа дэлхийд тэргүүлсэн. Бид
буцаад малчин, нүүдэлчин ахуйгаараа амьдрах гэж байгаа биш. Хотжих нь
дамжиггүй. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй. Эсгий улавч зараад бид мөнгө
олж чадахгүй. Хэн ч авахгүй. Гадныхан эсгий улавч бус нүүрс, төмрийн
хүдэр, уран, алт, мөнгө, зэс авахыг хүсч байна. Монголчууд дэлхийн
хэмжээний хотод амьдарч, дэлхийн хэмжээний замаар явахыг хүсч байгаа.
Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө хаана байгаа нь тодорхой.
-Монголын загварыг танилцуулахад ямар хүмүүс оролцож ямар байр суурийг илэрхийлсэн бэ?
-Манай загварыг танилцуулах арга хэмжээнд Тони Блэйр гуай оролцож,
хөтөлсөн. ОХУ-ын баялгийн сангийн удирдагч, Жэффи Сакс гуай орж ирж
үгээ хэлсэн. Харин манай Ерөнхийлөгч их сайхан үг хэлж оролцогчдын урам
зоригийг сэргээсэн. Монголчуудад мэдэхгүй зүйл гэж байхаа больсон
байна. Хамгийн гол нь тууштай байхыг сануулж байлаа. "Монгол Улс дэлхийд
санал болгох баялагтай улс байна. Үүн дээрээ зөв бодлогоо гаргаж, зөв
ажлуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй"-г зөвлөсөн. Төв Азидаа бид нэг зүйлээр
тодорч гарч ирсэн нь тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн ардчилал байлаа. Энэ
бол том амжилт. Иргэд нь саналаа өгч, сонгогдсон хүмүүс нь засгийн
эрхэнд гарч ирдэг нь сүүлчийн 20 жилийн бидний тэмцэл харуулж өгсөн.
Давост оролцогчид Монголын ардчилалд эргэлзэхгүй байна. Мэдээж ижил
түвшинд хөгжиж буй орнуудын хувьд санал зөрөлдөх асуудал байдаг.
Түүнийгээ хэлэлцэж байгаад шийдлээ олоод явчихдаг нь сайхан юм. Төрийн
өндөрлөгүүд, гишүүд дор бүрнээ дүгнэлтээ хийгээд Монголын эдийн засгийн
форумаараа зөв шийдэлд хүрэх учиртай.
-БНХАУ, ОХУ өөрсдийн байр суурийг илэрхийлэв үү. Монголын эдийн засгийг талаар ямар бодолтой байгаа бол?
-Хоёр оны хувьд "Та нар Америк, Европ гээд нааш цаашаа гүйлдээд байх
юм. Бид мөнхийн хөршүүд шүү дээ" гэдгээ сануулахыг бодно. Бидэнтэй
төмөр зам, зэс, нүүрсээ хэлэлцэж байгаач ээ гэдгийг хэлж байсан. Манай
гуравдагч хөршийн бодлого гэдэг маш зөв байгаа юм. Гуравдагч орны
хөрөнгө оруулалтыг татаж, өндөр технологитой үйлдвэр байгуулах
хэрэгтэй. Манай орны нутаг дэвсгэр дээгүүр дамждаггүй ганц зүйл нь
мөнгө. Тиймээс баялгийн сангаа бий болгочихоод гадагшаа хөрөнгө оруулалт
хийх нь чухал. Хятад, Оросууд манайхыг сонирхдог сонирхол нь жам
ёсоороо байсаар байх тул бусад орнуудад өөрсдийгөө сурталчлах хэрэгтэй.
Тэгж гэмээнэ бидний ирээдүй тогтвортой, аюулгүй, хөндлөнгийн нөлөөнд
автахгүй өөрсдийн ирээдүйг тодорхойлно.
-Монгол орны улс төрийн байдалд гадныхан ямар дүгнэлт өгцгөөж байв?
-Өмнө нь хөгжиж байгаа улс гэж хардаг байсан бол одоо Ардчилсан Улс гэж
харж байна. Монгол орныг гадны ямар ч орныхон ядуу, жижиг, шилжиж
байгаа гэж харахаа больжээ.
-Гадныхан манайхныг ядуу гэхгүй байхад манай ард түмэн өөрсдийгөө ядуу гээд байгаа юм байна даа. Тийм үү?
-Өнөөдөр нэг хүнд ноогдох ДНБ нь 6 сая 500 мянган төгрөг болжээ.
Харамсалтай нь ам.долларын ханш унаад доллараар гарах өсөлт гарсангүй.
Энэ бол яах аргагүй сүүлийн үеийн буруу шийдвэрүүдийн үр дүн.
Ам.долларын ханш 1300 төгрөгтэй тэнцэж байсан бол бид дундаж орлоготой
улсын тоонд орчихож байгаа юм. 20 жилийн өмнө би 1200 төгрөгийн цалинтай
ажилд орж байсан. 15 жилийн өмнө 28 мянган төгрөгийн цалинтай ажилд
орсон. Доллараар харьцуулахаар 20 доллар дээр яваад байсан хэрэг. Одоо
20 доллараар сард ажилладаг хүн байхгүй. Энэ өсөлт мөн үү, мөн. Үүнийг
бид өнөөдрөөр сэтгээд байгаа юм. Харин би юмыг уужуу тайван 10, 20
жилийн өмнө ямар байлаа гэдгээ бодоод бид ахиж байгаа юм уу гэдгийг
бодох хэрэгтэй гэж уриалаад байдаг юм л даа. Ингэснээсээ болж би их
муулуулдаг. 15 жилийн өмнө машин зам түгжирнэ, хэзээ ч 100 телевизийн
суваг үзнэ гэж бодож байгаагүй. Хүн бүр хоёр гар утас барих нь бүү хэл
гар утас байдаг гэдгийг ч мэддэггүй явсан. Энэ бол хөгжил. Гэхдээ илүү
хурдтай, чанарын өөрчлөлт гаргаж болох байсан уу гэвэл тийм. Бид хоосон
улстөрждөг, намчирхдаг, гүтгэдэг, дардаг, хараар буддагаа больчих
хэрэгтэй. Ганцхан удаа амьдарч байгаа тул эх орондоо ямар өртэй гэдгээ
ухамсарлах ёстой.
-Давосын чуулганд оролцохдоо эх орныхоо юугаар бахархаж байв?
-Монгол Улсыг Африкийн зэрлэг улстай харьцуулахгүй байна. Монгол Улс
гэхээр очиж үзэх юмсан, харах юмсан гэж байсан. Тэр бүү хэл Монголын
хурал, хүлээн авалтад заавал орох ёстой гэлцэхийг сонсоход сайхан
байлаа.
-Уул уурхайн тал дээр Монголд найз байх ёсгүй гэсэн байна лээ. Үүнийг та аль утгаар нь хүлээж авсан бэ?
-Газар доорх нүүрсийг би баялаг гэхгүй. Харин эргэлтэд орсон бол баялаг
болох ёстой. ОХУ төмөр замынхаа захирлыг солино гэсэн байна. Яагаад
сольж байна гэхээр Сибирийнхээ баялгийг эргэлтэд оруулж чадахгүй байгаа
тул хариуцлага тооцно гэсэн байна лээ. Хүмүүсийн сайн сайхны төлөө
газар доорх зүйлсийг гаргаж ирж баялаг болгоно уу гэхээс зүгээр цээжээ
дэлдэн гадныхнаас хамаг юмаа харамлалаа гээд эх оронч болохгүй. Энэ бол
амьдралын чанарт ямар ч өөрчлөлт гаргахгүйгээр оноо авахаас өөр зүйл.
Бид цаг үетэйгээ нийцэх ёстой. Гадныхан монгол хүнтэй найзлахыг хүсдэг
болох цаг ирнэ. Би Унгарт оюутан байхаасаа чичлүүлж амьдрахын зовлонг
мэдэх болсон. Нэг хүүхэдтэй танилцаад Монгол гэхээр эргээд явчихдаг
байлаа. Өнөөдөр би монгол гэдгээрээ бахархаж байна. Энэ бол бидний олон
жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Монголын ганц ч хүүхэд над шиг бүү
чичлүүлээсэй гэж хүсдэг. Монгол хүн хамгийн том компанид хамгийн том
албан тушаалд хамгийн өндөр цалин авдаг байх ёстой. Тэгэхийн тулд бид
уул уурхайгаараа олон найзтай болж, доллартай болж эдийн засгаа өсгөх
хэрэгтэй. Одоо хамгийн хүчтэй гүрнүүд цөмийн эрчим хүч ашиглаж байгаа
бол бид өөрсдийгөө хамгийн хүчтэй гүрэн байсан, байх ч болно гэж үр
хүүхдүүддээ итгүүлэх ёстой. Хүн төрөлхтөн ашиглаж байгаа тэр
технологийг бид ч гэсэн ашиглах ёстой гэдэгт итгэж байна. Ингэж
хэлснээрээ би муу хэлүүлэхээс айхгүй байна. Би хэн нэгэнд таалагдах гэж,
оноо авах гэж яриагүй. Хэрэгтэй гэсэн зүйлээ л би хэлж байгаа юм.
Хүмүүс намайг Хасын, сагсны, талх, салаавч Ганхуяг гэдэг. Гэхдээ бид
Монголын хил даваад Монголын Хуягаа гэж нэрлэгдэнэ гэдгээ санаж явах
ёстой.
Э.ЭНХБОЛД
Эх сурвалж: Өдрийн сонин
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||